“ЭКО АЗИ“ ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЪЯАТ АЖИЛТАН ДОКТОР, ПРОФЕССОР Ц.АДЪЯАСҮРЭН

Цохиогийн Адъяасүрэн 1951 онд Архангай аймгийн Хангай сумын нутаг “Ноёнхангай” гэдэг газар төрж, 1970 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль, 1975 онд МУИС, 1989 онд ШУТИС-ийн аспирантур, 1986 онд Тайланд улсын Бангкок хотын Азийн технологийн дээд сургуулийн дээд курсыг дүүргэсэн. 1989 онд “Монгол орны тал хээрийн бэлчээрийн ургамалын төлөв байдлыг агаар-сансрын мэдээллээр үнэлэх арга, технологи” сэдвээр докторын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.

            Ц.Адъяасүрэн 1975 оноос Ус цаг уурын шинжилгээний институтийн Радарын лабораторид сансрын мэдээлэл боловсруулалтын инженер, 1985 оноос Сансрын мэдээллийн төвд эрдэм шинжилгээний ажилтан, 1983 оноос МУИС-ийн Физик математикийн факультетийн цаг уур-экологийн багш, 1989 оноос тэнхимийн эрхлэгч, 1990-1996 онд Байгаль орчны хяналтын улсын хороо, Байгаль орчны яамны хэлтэс, газрын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, сайдын зөвлөх, 1999 оноос Байгаль орчны яамны дэргэдэх Озоны үндэсний албаны захирал, 2000 оноос Байгаль орчин,  менежментийн “Эко-Ази” дээд сургуулийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл захиралаар нь ажиллаж байна.

            Ц.Адъяасүрэн 1990-1992 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажиллаж байлаа.   

Ц.Адъяасүрэн Ус цаг уурын институтэд ажиллах хугацаандаа өдөр дутам цаг уурын хиймэл  дагуулаас хүлээн авсан мэдээгээр үүл, цасны тархалтын зураглал гаргаж, тэдгээрийг цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээ зохиоход ашиглах болон мал өвөлжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаг уурын бусад  элемент, хүчин зүйл, аадар бороо орох, үер болох, баруун өмнөдийн циклон Монгол оронд нэвтрэх аэросиноптикийн нөхцлийг судлах, ургамал-хөрс системийн спектр тодорлын үзүүлэлтийг хиймэл дагуулын мэдээтэй холбож, таримал болон бэлчээрийн ургамалын хөгжлийн үе шат, ургацыг тодорхойлоход шаардагдах нэн чухал арга технолог боловсруулан үйлчилгээнд нэвтрүүлж байлаа. Түүнчлэн тэрбээр 1981 оны Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн үеэр хийсэн “Тэнгэр”, ”Шуурга” зэрэг цаг уур, байгаль судлалын туршилтуудыг бэлтгэх, мэдээллийг боловсруулах ажлыг хариуцан хийж байсан болно. Ц.Адъяасүрэнгийн боловсруулсан сансрын мэдээлэлийн технологи, судалгааны ажил нь шинжлэх ухаан, практик, ялангуяа хөдөө аж ахуйд ихээхэн ач холбогдолтой шинэ арга байсны дээр байгалийн нөөцийг сансраас тандан судлах ажлын эхлэл олсон бөгөөд энэ арга технологиор өнөө үед зуны улиралд бэлчээрийн ургамалшлын зураглал гаргах болсон төдийгүй газар зүйн мэдээлэл, тооцооллын томоохон төв болтол өргөжүүлэхэд Ц.Адъяасүрэнгийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг үлэмж ихээхэн  байна.

Ц.Адъяасүрэн нь Байгаль орчны сайдаар ажиллахдаа байгалийг ашиглагчаар нь хамгаалуулах, бохирдуулагч нь төлбөр төлөх үзэл санаа,  тогтвортой хөгжлийн концепцийг төрийн болон  байгаль орчны бодлого болгох  шинэчлэлийг хийсэн нь өнөө үед үргэлжлэн хэрэгжсээр байна.

Ц.Адъяасүрэн байгаль орчны бодлогыг шинэчлэхэд чиглэсэн олон тулгуур баримт бичгийг  удирдан боловсруулжээ. Тухайлбал,  “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого“, “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Усны үндэсний хөтөлбөр”, ”Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай”, “Монгол улсын газрын төлбөрийн тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, ”Монгол улсын иргэний хувийн өмчийн газрын тухай”, “Монгол улсын газрын кадастрын бүртгэлийн тухай”, ”Ус цаг уур, орчны шинжилгээний тухай” зэрэг олон хуулийн төслийг бусад яам, агентлаг, олон улсын зарим байгууллагатай хамтран боловсруулж, засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлээд УИХ-аар батлуулсан нь одоо дагаж мөрдөж буй хууль, хөтөлбөрүүдийн үндэс болжээ.

2021-06-26 08:24:25