Гадаад хамтын ажиллагаа

“Эко-Ази” Байгаль орчны дээд сургууль нь Голландын Маастрихтийн менежментийн дээд сургууль, Японы Цукубогийн их сургууль, Японы Ёккайчагийн их сургууль, Япон улсын Мие мужийн  Байгаль орчны технологи дамжуулах олон улсын төв (БОТДТ), Миегийн Их сургууль, ХБНГУ-ын байгаль орчны Экологийн төв, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Швейцарийн SARMAP, Голландын тандан судалгааны EARS төв, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, Зүүн хойд Азийн ойн чуулган, Японы Дэлхийн байгаль орчны стратегийн хүрээлэн зэрэг байгууллагатай ажил төрлийн холбоо тогтоон багш, оюутан сургаж, солилцох үйл ажиллагаа явуулж байна.

Японы Цукобогийн их сургуульд багш И.Бямбахүү магистрийн зэрэг хамгаалж улмаар докторантурт суралцаад ирсэн. Багш Ц.Адъяасүрэн, А.Ган-Өлзий, Г.Чулуунцэцэг, Г.Довчиндорж, Ж.Баянмөнх нар Японы Мие мужийн БОТДТ, Мие мужийн Их сургуульд  2007-2010 онуудад мэргэжил дээшлүүлж, олон улсын хурал, симпозиумд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлж байлаа.

2008-2010 онд Удирдах зөвлөлийн дарга асан доктор Д.Түвдэндорж, захирал проф.Ц.Адъяасүрэн нар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Тайландын оффист очиж байгаль орчны сургалтанд хамрагдаж илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно.

2009-2010 онд Швед улсын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсролын төсөл”-д багш Ц.Адъяасүрэн, А.Ган-Өлзий, англи хэлний багшаар ажиллаж  байсан Н.Алтанцэцэг нар МУИС, МУБИС, ЮНЕСКО-гийн ажилтан нарын хамт оролцож Швед, Энэтхэгт сургалтанд хамрагдаж, сургалтын агуулгад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаагаар зарим өөрчлөлт шинэчлэлийг хийсэн болно.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Ойжуулалт”-ын төсөлд багш Ч.Заяа 2009-2010 онд хамрагдаж ойн хичээлийн хөтөлбөрийг хамтын эзэмшлийн ойн менежментийн агуулгаар баяжуулан сайжруулав. Байгалийн нөөцийн хамтын менежментийн гарын авлагыг хянаж гаргасан . Мөн төслөөс 2 оюутанд тэтгэлэг олгосон болно.

2008 онд  Японы Ёккайчигийн их сургуулийн оюутнууд тус сургуулийн хамтын ажиллагааны шугмаар Монгол улсад ирж “Эко-Ази” сургуулийн оюутнуудтай хамтран байгаль орчны хээрийн судалгаа хийж, зуны сургалт зохион байгуулсан болно.

2009 онд Солонгосын Сөүлийн Их сургууль, “Эко-Ази” дээд сургууль, ШУТИС-ын оюутнууд хамтран газрын менежмент, хот байгуулалтын асуудлаар хамтарсан судалгаа хийж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан болно.

2011 онд Японы “Ойн форум” Монгол улсын ШУА-ын Геоэкологийн хүрээлэн, “Эко-Ази” дээд сургууль хамтран Монгол орны байгаль орчны төлөв байдлын талаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

2006-2011 онуудад Японы Мие мужийн байгаль орчны технологи дамжуулах төвийн олон эрдэмтэд тус сургуулийн багш оюутнуудад уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны менежмент, агаарын бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг олон сэдвээр лекц уншиж байсан нь манай багш, оюутнуудын мэдлэгийг тэлэх, дэлхийн хэмжээний бодлого, үйл ажиллагаатай танилцах сайхан боломжийг олгож байна.

 Мөн АНУ-ын TNC байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан- WWF, Greening Australia, Foundation of Success зэрэг дөрвөн байгууллагаас 2013 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 2-ны хооронд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотын Callaway Garden рашаан сувилал, амралтын газарт зохион байгуулсан  “CCNET Rally-2013”  Байгаль хамгаалах сургагч багш нарын цугларалтанд “Эко Ази” Байгаль орчин, менежментийн дээд сургуулийн ерөнхий менежер магистр.А.Эрдэнэбаяр, “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүү, төлөвлөлтийн менежер Д.Байгалмаа нар амжилттай оролцсон

2021-06-26 07:13:18