БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЪЯАТ АЖИЛТАН, ДОКТОР ЗАМБЫН БАТЖАРГАЛ

1969 онд өнөөгийн  ОХУ-ын  Санкт Петербург  хотноо  Ус цаг уурын Их сургуулийг дүүргэж,   Агаар мандлын  загварчлалаар  мэрэгшсэн  инженерийн “онцлох диплом” гардаж авсан.

1978 онд тус мөн Санкт Петербургийн   Ус цаг уурын Их сургуульд аспирантурт суралцаж, физик  математикийн  салбараар докторын (PhD)  зэрэг хамгаалсан.

1985 онд Их  Британи  улсын  Дорнод  Английн  Их Сургуульд  Уур амьсгалын судалгааны асуудлаар  мэргэжил дээшлүүлсэн

1968-1982 онд Ус цаг уурын хүрээлэнд мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирал,  1982-1987 онд Ус цаг уурын албаны Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1987-1990 онд Өнөөгийн ОХУ-ын  Москва  хотноо   тэр  үеийн  Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөлд Байгаль  орчны шинжээчээр  тус тус ажиллаж байсан.

1990 – 1996 онд  Монгол улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар тус тус  ажиллаж байсан.  Сайдаар ажиллаж байхдаа байгаль орчны салбарын эрх зүйн үндэсийг бүрдүүлж, байгаль орчны багц хуулиудыг удирдан боловсруулж Улсын их хурлаар батлуулсан.

1996 оноос Ус цаг уур , орчны шинжилгээний газрын дарга, 2001 оноос Монгол улсаас Япон улсад суух элчин сайд,  2001-2011 онд Дэлхийн  Цаг Уурын Байгууллагаас   НҮБ-д  суугаа төлөөлөгч,  ДЦУБ-ын Нью-Йорк дахь  салбарын зөвлөх , 2011-2013 онд Япон Улсын   Киото  хот дахь  Хүмүүнлэг ба Байгаль Судлалын Хүрээлэнд  Зочин судлаач, 2014 оноос Эко Ази Байгаль орчин,  менежментийн дээд сургуулийн магистрын багшаар ажиллаж байна.

Доктор Батжаргал нь байгаль орчны судалгаанд математик загварчлал хэрэглэх, тоон анализ хийх, байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай хамгаалалттай нутгийн менежментийн чадавхийнг бэхжүүлэх зэрэг олон сэдвээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг манай улсын байгаль орчны салбарын нэртэй эрдэмтэн, судлаач болно.

Тэрээр 10 гаруй ном бичиж хэвлүүлж, гадаад , дотоодын нэр хүндтэй олон хэвлэлд өөрийнхөө бүтээлээ хэвлүүлсэн байна.

МУИС,  ХААИС,  БИС  зэрэг  сургуулиудад    Уур амьсгал,  Агаар мандлын загварчлал, Цаг уур  сэдвээр   тусгай курс  хэлбэрээр  лекц  уншиж байсан.   Тоо-физик,  Газарзүйн   салбарын    7  хүний   PhD   ажлыг удирдаж хамгаалуулсан.  МУИС–ийн   Цаг уурын   салбарын  10  гаруй  оюутны дипломын   болон   магистрын  ажил  удирдсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Байгаль орчны гавъяат ажилтан“ цол хүртэж, Хөдөлмөрийн гавъяаны одон, Алтан гадас одон, ойн медалиуд, Засгийн газрын шагнал “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр тус тус шагнагдсан байна.

2021-06-25 10:39:27