Эко Ази БОМДС-ийн ECOSERVE төслийн баг Улаантайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай хамтран “ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний менежмент” семинар зохион байгууллаа..

Европын Холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээ, менежмент”-ийн чиглэлээр олон улсын магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх “ECOSERVE” төслийн хүрээнд Эко Ази дээд сургуулийн захирал, төслийн удирдагч Байгаль орчны гавъяат ажилтан, доктор, профессор Ц.Адъяасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Улаантайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн Хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалдаг Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд орших УТДЦГ, Хорьдол Сарьдагийн нурууны ДЦГ, Цагаан нуур суманд орших Тэнгис-Шишхидийн голын сав газрын БЦГ-т 2021 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ажиллалаа.

 

Эко Ази дээд сургууль, Хөвсгөл аймгийн Улаантайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар нутгийн Хамгаалалтын захиргаатай хамтран “ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний менежмент” семинарыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд зохион байгууллаа.

Тус уулзалт семинарт Улаантайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны удирдлага, мэргэжилтэнүүд, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчид, Улаан-Уул сумын ЗДТГ, ЕБС-ийн багш нар, орчны бүс хариуцсан зөвлөлийнхөн зэрэг орон нутгийн төлөөллүүд оролцлоо.

Семинарт оролцогсдод ECOSERVE төслийн танилцуулга болон Эко Ази БОМДС-ийн ТХГН-ийн менежментэд гүйцэтгэж буй үүрэг, оролцоо, хийсэн ажлуудын товч танилцуулга, “Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээ, менежмент”-ийн магистрын хамтарсан хөтөлбөр боловсруулалтын явц, сургалтын төлөвлөгөөний агуулга, танилцуулга, нөхцөл байдлын судалгааны ажлын үр дүнг танилцуулж, санал солилцож, хөтөлбөрийн үр өгөөжийг түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар нэгдсэн ойлголт өглөө.

2021-11-03 10:30:24