Орхоны хөндийн БЦГ, ТҮҮНИЙ ОРЧНЫ БҮСИЙН БЭЛЧЭЭРИЙН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙН СУУРЬ МЭДЭЭЛЭЛ БҮРДҮҮЛЭХ СУДАЛГААНЫ АЖИЛ

Орхоны хөндийн Байгалийн цогцолбор газарт (ОХБЦГ) 2011, 2013 онуудад хязгаарлалтын бүсэд явуулсан бэлчээрийн судалгааны дүнгүүдийг өөрсдийн судалгааны дүнтэй харьцуулахад орчны бүсийн сул доройтсон бэлчээрийн талбай хязгаарлалтын бүсийнхээс их гарсан боловч дунд зэрэг, хүчтэй доройтсон бэлчээрийх орчны бүсэд бага гарч байна. Хархорин сумын хязгаарлалтын бүсэд бэлчээрийн даац 5-20 дахин хэтэрсэн дүнтэй байхад орчны бүсэд хамгийн ихдээ 3.6 дахин хэтэрчээ.

Судалгааны дүнгээс үзэхэд Цагдуултын ам, Өлзийт голын эхний бэлчээр сул доройтсон, Таван цохионы орчим, Хөшөөн дэнж орчмын бэлчээр дунд зэрэг, Шар зүлгийн амны бэлчээр хүчтэй доройтжээ.Судалгаанд хамрагдсан орчны бүсийн хадлан болон отрын бэлчээр сул, өвөлжөө-хаваржааны бэлчээр сул-дунд зэрэг, зуслан-намаржааных хүчтэй доройтсон байна.Орчны бүсийн бэлчээрийн 39% нь сул , 12% нь дунд зэрэг, 49% нь хүчтэй доройтсон байхад Цагдуулт малчны бүлгийн бэлчээрийн 56% нь сул, 41% нь дунд зэрэг, 3% нь хүчтэй; Шанх бүлгийн бэлчээрийн 43% нь сул, 9% нь дунд зэрэг, 48% нь хүчтэй доройтсон дүнтэй байлаа.

Сул доройтсон бэлчээрийн ургамлын биомасс 1048-1440 кг/га, дунд зэрэг доройтсон бэлчээрийх 884-1288 кг/га, хүчтэй доройтсон бэлчээрийх 348 кг/га байна.“Шанх” малчны бүлгийн бэлчээрийн даац 1.4-3,6 дахин хэтэрсэн ньтус бүлгийн малчид бэлчээрээ жилийн турш сэлгэлгүй ашиглахаас гадна, Цагдуулт бүлгийн малчид “Шанх” бүлгийн нутаг болох Орхон, Өлзийт голын дагуу зусаж, намарждаг, зэргэлдээ сумдаас малчид орж ирж эдгээр голын дагуу зусаж, намарждагтай холбоотой юм.Цаглуулт бүлгийн нутаг болох Цагдуултын амны хадлангийн талбай, Шанх бүлгийн нутаг болох Дулааны арын отрын бэлчээрт бэлчээрийн даац хэтрээгүй (даацандаа хүрээгүй). Цагдуултын ам, Шанх бүлгийн нутаг болох Шарын голын эх, Таван цохионы орчимын өвөлжөөний бэлчээрийн даац хэвийн байна. Харин Шанх бүлгийн нутаг болох Бумбат, Шар зүлгийн амны бэлчээрийн даац хэтэрсэн байна.

2021-06-26 10:47:51